Гандантэгчэнлин хийдэд залсан Чингис хааны хөрөг ямар учиртай вэ?
Чихэнд чимэгтэй
2025-03-10
Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд хаврын тэргүүн сарын шинийн найман буюу энэ сарын 7-ны өдөр Чингис хааны хөргийг залжээ. Хөргийг монгол зураг болон Буддын шүтээн урлалын уламжлалт аргыг хослуулан бурхан урлаач Д.Батжаргал бүтээж энэ сарын 5-ны морин цагт дуусгасан байна. Хааны хөргийг Тайваны Үндэсний ордон музейд хадгалагдаж байгаа эш хөргөөс санаа авсан бөгөөд хөргийн зохиомж, зарим бэлгэдэлт утгыг Гандантэгчэнлин хийд цахим хуудсандаа тайлбарлажээ. Тухайлбал, эзэн хааны суудлыг найман луу, галбинга шувуу, зээ бад, соёмбо зэрэг уламжлалт тэмдгүүдээр чимжээ. Улмаар суудлын орой дээр Анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн соёмбо үсгийг анхны эхээр залсан нь Чингис хааны үр удам, байгуулсан төр, монгол төрийн ой санамжийг бэлгэдсэн байна. Түүнчлэн орой дээрээ ганц эвэртэй лууг дүрсэлсэн нь Хүннүгийн үеийн археологийн олдвор дээрх ганц эвэртээс санаа авч, Хүннү төрийг бэлгэдэн “Тэнгэрт нэг нар, газарт нэг хаан” гэсэн утгыг шингээжээ. Харин хааны зүүн гар талд Бурхан багшийн сургаалын судруудыг залсны дээд талынх нь Сандуйн жүд, удаах нь Жадамба, сүүлийнх нь Додьгалсан аж. Судруудыг ийнхүү залахдаа найм болон дөрвөөр ороож баринтагласан нь Бурхан багшийн сургаалын 84 мянган номын цогцыг бэлгэджээ. Хааныг цагаан дээл, хуяг, иж бүрэн өмсгөлтэй зурсан нь цагаан сэтгэл, эхийн сүү шиг ариун байдал, ашид амар амгалан, дүүрэн, төвшин сайхан байдлыг бэлгэдсэн гэнэ. Улмаар хөргийн тэргүүнд монгол түмний оройн дээд Очирваань шүтээнийг залсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.