images

Дональд Трамп Ираны дээд удирдагчийг үг дуугүй бууж өгөхийг шаардав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-18


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеид хандаж, "Хаана нуугдаж байгааг чинь бид мэднэ. Ямар ч болзолгүйгээр бууж өг" хэмээн анхааруулсан байна. Ираны дэглэмийг өөрчлөх цэргийн ажиллагааг АНУ Израильтай хамтран явуулж байгаа гэсэн таамаг бий. Улмаар Д.Трамп "Бидний тэвчээр барагдаж байна. Үг дуугүй бууж өг” гэжээ. Хэлсэн үгэндээ "бид" гэсэн хэллэгийг хэд дахин ашигласан байдлаас харахад Ираны эсрэг Израилийн агаарын цохилтод АНУ шууд оролцсон байх магадлал өндөр гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Израиль, Ираны хооронд дөрөв дэх өдрөө үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн ид хурцдах үед Д.Трамп ийм мэдэгдэл хийжээ. Тэрбээр Канадаас буцаж ирээд Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын багийг яаралтай хуралдуулсан гэх мэдээлэл байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын арми Ойрхи Дорнодод F-16, F-22, F-35 зэрэг сөнөөгч онгоцуудаа нэмж байршуулан агаарт түлш цэнэглэгч зэрэг зэвсэг техникийг тус бүс нутаг руу шилжүүлж байгаа аж. Энэ талаар АНУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдэгдэхдээ “Ираны нисгэгчгүй онгоц болон пуужингийн заналхийллийн эсрэг хамгаалалтын хариу арга хэмжээ авах зорилготой” гэж тайлбарласан ч бодит байдал дээр Израилийн агаарын цохилтыг бүх талаар дэмжиж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Мөн түүнээс гадна АНУ-ын Төрийн департамент Ойрхи Дорнод дахь иргэдээ хамгаалах ажлын хэсэг (TF) байгуулж, америкчуудыг Иран, Ирак, Израильд айлчлахгүй байхыг анхааруулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.