АНУ: 10 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй эмэгтэй нэг өрөө байранд эгэл даруухан амьдарч байна
Анд нөхдийн мэдээ
2025-06-17
Дэлхийд алдартай “Шератон” сүлжээ зочид буудлын өв залгамжлагч, эдүгээ 84 настай Митч Пердю нэг өрөө байранд эгэл даруухан амьдарч байгаа тухай Америкийн эдийн засгийн “Fortune” сэтгүүл мэдээлсэн байна. Одоогийн байдлаар 12 тэрбум доллараар үнэлэгдээд буй тус зочид буудлын сүлжээ бизнесийг тэрбээр 26 настайдаа эцгээсээ өвлөн авсан байна. Түүний талийгаач нөхөр Фрэнк Пердю нь АНУ-ын хамгийн том тахианы мах үйлдвэрлэгч “Perdue Farms” компанийг удирдаж байсан бөгөөд өнгөрсөн жил 10 тэрбум долларын борлуулалт хийсэн уг бизнесийг мөн л хатагтай М.Пердю өвлөн авч насаараа элбэг хангалуун амьдрах хөрөнгийн эзэн болжээ. Гэсэн хэдий ч тэрбээр хөрөнгө, баялгийг өөрөөр хардаг, үрэлгэн байдлыг тэвчдэггүй бөгөөд "Хүн өндөр үнэтэй, шилдэг дизайнтай хувцас өмслөө гээд оноо авдаггүй" гэсэн байна. Хориод насандаа эцгийнхээ хөрөнгийг өвлөн авсан Митч Пердю "Ихэнх мөнгөөрөө зах зээлд хөрөнгө оруулалт хийж, өөр хүмүүс захиран зарцуулах боломжтой болгосон" гэжээ. Ингээд өөрөө амар хялбар амьдралыг сонгосон уу гэвэл бас үгүй. Хөдөө аж ахуйн чиглэлээ ажиллахаар Калифорнийн их сургуулийн оюутны хотхоны ойролцоо газар худалдаж авч, тус сургуульд зориулж хөдөө аж ахуйн чиглэлээр туршилт, судалгаа хийх хүрээлэн байгуулж өгсөн байна. Өөрөө цагаан будааны фермийг удирдаж, улмаар хэдэн жилийн дараа хөдөө аж ахуй, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр дагнасан сэтгүүлч болжээ. Ингээд 2022 оноос хойш Украины дайны талаар дагнан бичиж байна. Түүгээр ч үл барам нөхрөөсөө авсан 1.2 сая долларын үнэтэй сүйн бөгжөө дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө дайнд нэрвэгдсэн бүс нутгийн хүн ардад зориулжээ. Харин одоо бол Украины дайны хохирогчдод зориулсан хиймэл оюун ухааны гэмтэл эмчилгээний программ боловсруулах төсөл дээр ажиллаж байна. М.Пердю өөрийгөө "хямд өртөгтэй, өндөр үр ашигтай хүчирхэг хүн" гэж тодорхойлдог бөгөөд эдүгээ Мэрилэнд мужид жирийн нэг өрөө байранд эгэл даруухан амьдарч байна. Гадуур явахдаа таксинд огт суудаггүй, үргэлж метрогоор зорчиж, хуучин гутал, хувцсаа засаж сэлбэн өмсдөг аж. Тэрбээр өглөөний 9 цагаас оройн 17 цаг хүртэл ажилладаг бөгөөд “Хүний сэтгэлийн хоосон орон зайг том дарвуулт онгоц, торгон унтлагын хувцас нөхдөггүй, харин буяны ажил, шаргуу хөдөлмөр дүүргэдэг. Аз жаргалыг хүсч байвал бусдын төлөө юу хийж чадахаа сайтар бодоорой” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.