Хонь ноослох ДАШТ-д Монголоос оролцох хүн энэ долоо хоногт тодорно
Чихэнд чимэгтэй
2025-06-17
Дэлхийн улс орнуудад 1961 оноос хойш зохион байгуулагдаж буй “Алтан хайч” хонь ноослох олон улсын тэмцээнийг манай улс энэ баасан, бямба гарагт зохион байгуулах гэж байна. Төв аймгийн Зуунмод хотод ноос хяргах, ангилах, багцлах зэрэг төрлөөр явагдах энэ тэмцээнд оролцогчид чөлөөт, мэргэжлийн, залуус, анхлан суралцагч, ахисан шатны гэсэн таван ангиллаар өрсөлдөнө. Манай улс анх удаа энэ тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж, төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом олгох гэж байгаа билээ. Тэмцээний үеэр ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, загварын шоу, шагайн харваа, сурын харваа, ноос томнох, дууны уралдаан болно. Мөн цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Энэ төрлийн ДАШТ 2-4 жил тутамд явагддаг бөгөөд 30 гаруй орны анхлан суралцагчаас эхлээд мэргэжлийн түвшний тамирчид хүртэл оролцдог. Ирэх оны тэмцээн гуравдугаар сарын 4-7-ны хооронд Шинэ Зеландын Мастертонд болохоор товлогдсон билээ. Манай улсын тухайд энэ салбарт 2022 оноос эхлэн олон улсын мэргэшсэн 28 ноос хяргагч бэлтгэн гаргаад байгаа юм. Сонирхуулахад, дэлхийд хонь ноослох дээд амжилтыг тогтоосон эрэгтэй найман цагт 754 хонь, эмэгтэй 720 хонь тус тус хяргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.