Нидерланд эр өөрөө ч мэдэлгүй 50 хүүхэдтэй болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-30
Үргүй хосуудад туслахын тулд эр бэлгийн эсээ сайн дураараа хандивласан ч эмнэлгийн буруугаас болж 50 гаруй хүүхэдтэй болоод буй нидерланд эрийн тухай “The Times” сонин мэдээлэв. Эдүгээ 63 настай Нико Кьют 30 гаруй насандаа буюу 1998-2000 оны хооронд Нидерландын “Kindervens Medical Center” үргүйдлийн эмнэлэгт үрийн шингэнээ 50 орчим удаа хандивлажээ. Тэрбээр үргүй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаад санаа зовнин, тийм асуудалтай тулгараад буй гэр бүлд туслах зорилгоор эр бэлгийн эсээ хандивласан бөгөөд түүний үрийн шингэний зарим хэсгийг шинжлэх ухааны судалгаанд ашигладаг байжээ. Гэтэл Нидерландад хууль бусаар эр бэлгийн эсийг ашигласан тухай дуулиан дэгдэх үед тэрбээр эмнэлгээс лавлаж үзээд өнгөрсөн хугацаанд 50 хүүхэдтэй болсноо мэджээ. Түүгээр үл барам 50 хүүхдийн нь 25 нь дотооддоо, үлдсэн 25 нь гадаадад байгаа болохыг мэдээд ихэд цочирдсон байна. Тухайн үед тус улс эх, эцэг нэгт ах дүүс хоорондоо гэрлэж цус ойртох, удамшлын өвчин дамжих зэргээс сэргийлж нэг донороос төрөх хүүхдийн тоог 25-аар хязгаарлаж байжээ. Гэтэл тус эмнэлгийнхэн түүний зөвшөөрөлгүйгээр эр бэлгийн эсийг нь дотоодод төдийгүй гадаадад худалдсан байна. Одоо тэрбээр бараг долоо хоног бүр хүүхдүүдтэйгээ холбоо барьж байгаа аж. Анх байгуулсан гэрээний дагуу түүний эсээс төрсөн хүүхэд 15 нас хүрээд аавтайгаа мэдэлцэх боломжтой. Тэрбээр “Миний хүүхдүүд” нэртэй групп чат хүртэл үүсгэсэн бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт 19 настай итали хүүтэйгээ ярьсан” гэжээ. Н.Кьют итали хэл мэдэхгүй тул Google Translate ашигласан тухайгаа мөн хэлсэн байна. Эмнэлэг гэрээгээ зөрчиж, эсийг нь дур мэдэн хэрэглэсэнд гомдолтой байгаагаа тэрбээр мөн хэлээд "Хулгайд юмаа алдсан мэт санагдаж байна” гэжээ. Хуулийн байгууллагын шалгалтаар үрийн шингэнээ хандивласны хариуд өөрөө ч мэдэлгүй ийм олон хүүхэдтэй болсон хүн Н.Кьютээр зогсоогүй ажээ. Эр бэлгийн эсийн нийт 85 донор түүн шиг олон арван хүүхэдтэй болсон нь тогтоогдсон бөгөөд тэдний нэг нь бүр 100 гаруй хүүхэдтэй болох нь нотлогджээ. Одоогоор хуулийн байгууллага “Kindervens Medical Center” эмнэлгийг шалгаж байна. Тус эмнэлгийг дэлхийн хамгийн том үргүйдлийн төв болох “TFP Fertility Clinics” байгууллага 2019 онд худалдаж авсан бөгөөд уг байгууллага "Бид энэ асуудлыг судалж байна. Үүнтэй холбоотой гэр бүл, хандивлагчидтай холбоо барьж, шаардлагатай дэмжлэг үзүүлж байна" гэж мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.