Архангай: Зургаан сар бүтээсэн Богд Зонхова бурхны 16 метр өндөр зээгт наамал хөргийг залав
Хөдөөгийн баясгалан
2025-06-27
Богд Зонхова бурхны 16 метр өндөр, 12 метр өргөнтэй зээгт наамал хөрөг болон Заяын гэгээнтний анхдугаар болон дөрөвдүгээр дүрүүдийн гүдэн буюу алтадсан шүтээнийг энэ мягмар гарагт Цэцэрлэг хотын төв Г.Дэмид жанжны талбайд залж аравнайлжээ. Улмаар Булган уулын энгэрт орших Галданзуу хийдэд байршуулсан байна. Ингэснээр нутгийн болон холоос зорьж ирэх сүсэгтэн олон хэдийд ч мөргөл үйлдэх боломжтой болжээ. Богд Зонхова бурхны зээгт наамлын хамгийн дээд хэсэгт гурван цагийн бурхан буюу өнгөрсөн цагийн Одсүрэн бурхан, одоо цагийн Бурхан багш, ирээдүй цагийн Майдар бурхныг залжээ. Гол хэсэгт Богд Зонхова бурхан арслан ширээн дээр нар, саран дэвсгэр дээр завилан оршиж байгаагаар зурж, доод хэсэгт Богд ламын шавь нар болох Чалцанжав, Хайдавжав хоёрын гар дээр Богд ламын айлдсан бодь мөрийн зэрэг, тарнийн мөрийн зэрэг судрыг барьсан байгаагаар дүрсэлжээ. Тэгвэл энэ бүтээлийг “Гурван шүтээн” урлангийн үндсэн урлаачдаас гадна 30-аад хүн нийлж, зургаан сарын хугацаанд хийсэн байна. Зээгт наамалд 16х12 хэмжээтэй 300 м.кв торго, 800 метр зээг, 192 метр бэрзэнт, 250 метр олс, 192 метр даавуу орсныг МОНЦАМЭ агентлагт онцлон мэдээлжээ. Зая гэгээн нь XVII-XVIII зууны үеийн Монголын төр, шашны зүтгэлтэн, гүн ухаантан, соён гэгээрүүлэгч бөгөөд I, IV дүрүүдийнх нь гүдүнг бурханч лам Г.Пүрэвбат алтдан мөнхөлж, Архангай аймгийн Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн зүүн талын өрөөнд байрлуулсан байжээ.
Гэрэл зургийг: "Архангай аймгийн ЗДТГ"-ын хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.