Дэлхий даяар чинээлэг хүмүүсийн шилжилт хөдөлгөөн нэмэгджээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-27
Энэ онд дэлхийн даяар амьдрах нутаг орноо сольж шилжилт хөдөлгөөн хийсэн чинээлэг хүмүүсийн тоо 142 мянгад хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Үүнийг "Wexit" хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ нь "Wealthy" (чинээлэг давхарга) болон "Exit" (гарах) гэсэн хоёр үгнээс бүтсэн шинэ нэр томьёо юм. Татварын хөнгөлөлт, шинэ боломж, эрх чөлөө, тогтвортой байдлын эрэлд гарч буй чинээлэг хүмүүсийг дээрх үгээр илэрхийлсэн хэрэг. Их Британийн “Henley & Partners” компаниас өнгөрсөн 24-ний өдөр гаргасан "2025 оны саятнуудын шилжилт хөдөлгөөний урьдчилсан мэдээ" тайланд дурдсанаар, энэ онд 16,500 саятан Их Британийг орхин гарна гэсэн судалгаа гарчээ. Тайланд саятан гэдгийг нэг сая доллароос дээш хөрөнгө оруулалт хийх боломжтой хүн гэж тодорхойлсон байна. Их Британийн араас Хятад улс хоёрдугаарт, Энэтхэг гуравдугаарт оржээ. Саятан, тэрбумтнууд нь ихэвчлэн Арабын Нэгдсэн Эмират, АНУ, Итали, Швейцар, Саудын Араб зэрэг орныг зорьсон байна. Орлогын албан татвар, шилжүүлгийн татвар, өв залгамжлалын татвар авдаггүй АНЭУ-ын Дубай хот дэлхийн чинээлэг хүмүүсийн ирж суурьшдаг гол газар болж байгаа аж. Чинээлэг хүмүүсийн сонголтод АНУ дээгүүр орж байгаа бөгөөд “Д.Трампаас болж америкчууд Европ руу дүрвэж байна” гэх яриа тийм ч бодитой биш юм. Технологийн хүчирхэг гүрэн АНУ-д бизнес эрхлэх боломж эрэлхийлж буй чинээлэг хүмүүс болон Бразил, Колумб зэрэг тогтворгүй эдийн засагтай орны иргэд, Төв болон Өмнөд Америкийн баячууд голдуу АНУ-ыг зорьдог болохыг тайланд онцлон дурджээ. Нэгэн цагт дэлхийн санхүүгийн төв байсан Их Британид одоо байдал өөрөөр эргэж "Эх орноо орхиж гарсан хамгийн олон саятантай улс" гэсэн нэр зүүгээд байна. Лондонд амьдарч байсан “Goldman Sachs” компанийн дэд захирал Ричард Гнолдо, хөлбөмбөгийн Премьер лигийн “Аston Villa” багийн эзэн Нассеф Савирис нар энэ жил Итали руу нүүсэн бол үл хөдлөх хөрөнгийн магнат Асиф Азиз АНЭУ-ын Абу Даби хотыг зорьжээ. Их Британиас шилжиж буй саятнуудын нийт хөрөнгө 91.8 тэрбум доллар болсон байна. Мөн Хятад, Энэтхэгийн баячууд олноор АНУ, Канад, Япон, Сингапур, Австрали зэрэг амьдрах орчин сайтай, өндөр хөгжилтэй орнууд руу нүүжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.