images

Монгол, Казахстаны хоорондын худалдааны эргэлтийг 500 сая долларт хүргэнэ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-06-26


   Казахстан улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын Гадаад хэргийн сайдын түвшинд 2006 оноос хойш 19 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм. 2024 онд Казахстан улсын ерөнхийлөгч К.Токаевын Улаанбаатарт хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа шат ахин Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн бөгөөд ингэснээр Казахстан улс Төв Ази дахь манай анхны Стратегийн түнш орон болсон билээ.

   Айлчлалын хүрээнд Б.Батцэцэг, М.Нуртлеу нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохирсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, Монгол, Казахстаны Стратегийн түншлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо. Талууд юуны түрүүнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг чухалчилж байгаа бөгөөд өнгөрсөн онд 124 сая доллар байсан худалдааны эргэлтийг 500 сая долларт хүргэх шаргуу зорилт тавьснаа онцлон тэмдэглэсэн байна. Энэ зорилтын хүрээнд харилцан худалдаалах бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Тухайлбал, сайн чанарын улаанбуудайн элит үр, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийн үр нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн Монгол улсын ноос ноолуур, арьс ширний салбарын арвин их нөөц бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төслийг судлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр санал нэгджээ. Улмаар зам тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирсон байна. Цаашилбал, тээвэр, логистикийн шинэ маршрут, дөт замыг бий болгож, агаарын нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллана. Хоёр улсын аялал жуулчлал, соёл урлаг болон боловсролын салбарыг өргөжүүлж, аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг хамтран зохион байгуулах, хил орчмын болон нүүдэлчин соёл, зан заншилд тулгуурласан аялал жуулчлалыг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар талууд тохирсныг хэлэлцээний дараа гаргасан албан мэдээнд дурдсан байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны ерөнхийлөгчийн санаачилга болох “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан байгаль орчны салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллахаар талууд мөн санал нэгджээ. Айлчлал үргэлжилж байна.   

Гэрэл зургийн эх сурвалж: Монгол улсын Гадаад харилцааны яам.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.