images

Улаан-Үд хотод орчин үеийн орон сууцны “Улаан хот” хороолол байгуулна

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-04-29


   ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын төв хэсэгт шинээр байгуулах орчин үеийн орон сууцны "Улаан хот" хорооллын шавыг өнгөрсөн бямба гарагт тавилаа. Шав тавьсан газар монгол гэр барьсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх ёслолд Буриадын ерөнхийлөгч А.Цыденов оролцжээ. Уг гэрийг буриад ёс заншил, хамниган судлаач, “Буряад үнэн” сонины редактораар олон жил ажилласан Бадмажаб Гындынцыренов гардан барьсан байна. “Энэ бол барилга барих төдий асуудал биш, Буриадын нийслэлийн түүхийн шинэ хуудас. “Улаан хот” бол манай нийслэлийн өнгө төрх, олон мянган хүний амьдралын чанарыг өөрчлөх аварга төсөл юм” хэмээн А.Цыденов ёслолын үеэр хэлжээ. “Шинэ хорооллын архитектурын шийдэлд орчин үеийн хэв шинжийг буриад үндэстний соёлын өвтэй хослуулан тусгасан. Тав тухтай орон сууц, хүн бүрд хүртээлтэй дэд бүтэц болон ажил, амралт, сургууль, уран бүтээлийн хангалттай орон зайг бүрдүүлсэн цоо шинэ хотын орчин нөхцөлийн үндсийг бид тавьж байна” хэмээн тэрбээр мөн тэмдэглэсэн байна.

   “Улаан хот” хорооллын 200 мянган кв/м талбайд нийт 15 орон сууцны барилга, хүүхдийн хоёр цэцэрлэг, сургууль, эмнэлэг, автомашины олон давхар зогсоол байгуулах ажээ. Мөн соёлын өвд тооцогддог хуучны түүхэн барилгуудыг сэргээн засварлана. Нийгмийн ач холбогдолтой обьектуудад онцгой анхаарал хандуулсан бөгөөд шинэ хорооллын нэг чухал хэсэг нь буриад соёлыг харуулсан өнгө төрх бүхий “Байгал” театр, Үндэсний музей, мөн их сургуулиудын нэгдсэн хотхон, технологийн парк байх ажээ. “Байгал” театр, Үндэсний музейг хоёр талаараа Буддын шашны суваргуудтай цэцэрлэгт гудамжаар холбохоор шийдсэн байна. “Нийт талбайн 12 мянган кв/м хэсэгт бизнес эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх орон зай гаргана” хэмээн А.Цыденов хэлжээ.    

Гэрэл зургийн эх сурвалж: “Буряад үнэн” сонин.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.