Завхан: Хомын талын тахийн сүрэгт энэ жилийн анхны унага мэндэлжээ
Чихэнд чимэгтэй
2025-04-28
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын байгалийн цогцолбор газарт 2000 оны эхээр тахь сэргээн нутагшуулах шийдвэр гарч, 2004, 2005 онуудад Францаас 22, 2011 онд Прагийн амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчран нутагшуулсан билээ. Энэ нь Монгол оронд тахь нутагшуулсан гурав дахь цэг болсон юм. Тэгвэл 20 гаруй жилийн өмнөөс тахийн сүргийн үндсийг тавьсан уг байгалийн цогцолбор газрын Сээрийн нуруунд 2025 оны анхны унага энэ сарын 22-ны өдөр мэндэлсэн байна. Энэ жилийн анхны унага "Эх дэлхийн өдөр"-өөр мэндэлснийг бэлгэшээж буйгаа тус газар цахим хуудсандаа тэмдэглэсэн бөгөөд шинэ төл нь “Сарны гэрэл” азарганы сүрэгт хамаарах "Moonrider" нэртэй гүүнээс гарсан эр унага ажээ. Энэ нь Хомын талд уг гүүний гаргасан тав дахь унага болов. Хомын талын БЦГ нь Сээрийн нуруу, Хомын тал, Завхан гол, Улаан бураа, Их болон Бага Буурал, түүний салбар уулсыг хамарсан нийт 411 мянган га талбай бүхий нутаг дэвсгэртэй юм.
Гэрэл зургийг: Хомын талын БЦГ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.