images

АНУ: Хятадаас бусад оронд ногдуулсан татвараа 90 хоног хойшлуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-04-10


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 9-ний өдөр хэрэгжиж эхэлсэн, дэлхийн 57 оронд ногдуулах татварын бодлогоо Хятадаас бусад улсад 90 хоногоор хойшлуулах болсноо мэдэгдэв. Харин АНУ-ын эсрэг хариу гаалийн татвар ногдуулсан Хятад улсад ногдуулах татварыг 125 хувь хүртэл нэмэгдүүлсэн байна. Д.Трампын татварын цочир бодлогын улмаас эдийн засгийн уналтад өртөөд байсан Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээрх мэдэгдлийн дараа огцом өссөн байна. Тэрбээр цахим хуудсандаа “БНХАУ дэлхийн зах зээлийг үл хүндэтгэсэн учир АНУ Хятадад ногдуулах татвараа даруй 125 хувь хүртэл нэмэгдүүлж байна” гэжээ. Д.Трамп өнгөрсөн нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш Хятадыг буруутгаж, тус улсад хоёр удаа нийт 20 хувийн нэмэлт татвар ногдуулсан бол өнгөрсөн 2-ны өдөр 34  болгож нэмэгдүүлсэн. Тэгвэл Хятад улс даруй хариу арга хэмжээ авч АНУ-д мөн адил 34 хувийн татвар ногдуулахад Д.Трамп 8-ны өдөр татварыг дахин 104 хувь хүртэл нэмсэн юм. Үүний хариуд Хятад улс мөн 84 хувь хүртэл нэмэгдүүлснээ мэдэгдсэний дараа Д.Трамп Хятадад ногдуулах татвараа дахин өсгөж 125 хувь болгосноо ийнхүү мэдэгдсэн байна. Д.Трампын мэдэгдлийн дараа Сангийн сайд Скотт Бесант сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ "Ерөнхийлөгч зарчмаа өнөөг хүртэл тууштай баримталсан. Хэрэв дэлхийн аль ч улс хэлэлцээр хийхийг хүсвэл бид сонсоход бэлэн байна. Бид тэдний тарифыг 10 хувь хүртэл бууруулж болно” гэжээ. Улмаар Хятадын хөрш орнууд болох Вьетнам, Япон, Өмнөд Солонгос хэлэлцээр хийх санал тавьсан болохыг онцолжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.