images

Туулын хурдны замыг найман уулзвартай барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-27


   Туул гол дагуу барих хурдны замын тендерийг нэгдүгээр сарын 27-ноос зарлаад буй. Хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун хэсэг буюу аюулгүйн тойрог хүртэл нийт зургаан эгнээ, 32 километр урт тавихаар төлөвлөсөн уг хурдны зам нийт хоёр түвшний огтлолцол бүхий найман уулзвартай байх ажээ. Мөн уулзваруудаас гадна хурдны зам дагуу 13 байршилд 9870 метр урт гүүр, долоон байршилд 370 метр урт туннель барихаар төлөвлөсөн байна. Тухайлбал, Баянзүрхийн товчооны уулзвар болон хотын хойд чиглэлийн замтай холбогдох хөдөлгөөнийг зохицуулсан үндсэн гарц барих ажээ. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт төлөвлөж буй орох, гарах хэсэг нь Өөдөө тэмүүлэх гүүр, Богд уулын туннельтэй холбогдож, хотын хөдөлгөөний урсгалыг гадагш нэвтрүүлнэ. Яармагийн гүүрийн баруун хэсэг дэх орц, гарц нь төв замтай холбогдож хотын төвийн замын ачааллыг тэнцвэржүүлнэ. ТЭЦ-4 болон Наадамчдын гүүр, нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хотоос орж, гарах урсгалыг зохицуулах юм байна. Түүнчлэн хотын баруун хэсэгт баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрогт төлөвлөж буй огтлолцол нь Улаанбаатар хотын босоо тэнхлэгийн авто зам, 1, 2 дугаар тойрог замтай холбогдож Улаанбаатар хотыг тойрсон тойрог замын сүлжээг бий болгох зорилготой ажээ. Хурдны замын төсөл 2027 оныг хүртэл үргэлжлэх бөгөөд хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх өндөр ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.