Их хуурч Чи Булаг өнөөдөр 81 нас хүрч байна
Чихэнд чимэгтэй
2025-03-26
Өвөр Монголын алдарт хуурч Чи Булаг өчигдөр Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны “Чингис хаан” танхимд болсон "Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Хуралд “Морин хуурын үүсэл, хөгжил” сэдвээр илтгэл тавьсан түүний 81 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Хуурч Чи Булаг 1944 оны гуравдугаар сарын 26-нд буюу билгийн тооллын хөх бичин жилийн хаврын дунд сарын шинийн хоёронд одоогийн Тунляо буюу Байшинт хотод Чи Гэндэнжавын 15 дугаар хүү болон төржээ. Ийнхүү тэрбээр зургаан наснаасаа эхлэн 75 жил тасралтгүй морин хуур тоглож байгаа юм. Түүний бичсэн "Морин хуурыг хөгжимдөх арга зүй" ном дэлхий дахинаа энэ хөгжмийг сонирхон сурч буй хүмүүсийн гол гарын авлага болдог билээ. Чи Булагийн "Түмэн агтын төвөргөөн" бүтээлийг 2001 онд Хөххотод мянган хүүхэд нэгэн зэрэг хуурдаж Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Мөн 2008 оны Бээжингийн зуны Олимпыг эл бүтээлээ 120 хуурчтай хамтран тоглож нээсэн түүхтэй. Түүнийг 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одонгоор шагнажээ. Мөн тэр жилдээ Чи Булаг "Монгол тулгатны зуун эрхэм" нэвтрүүлэгт орж байв.
Чи Булагийн оролцсон эрдэм шинжилгээний хуралд СУИС-ийн зөвлөх профессор, доктор С.Дулам “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Морин хуур-монгол соёлын ой санамж”, Өвөр Монголын Багшийн их сургуулийн доктор Хөгжилт “Хялгасан хуурын эрт ба эдүгээгийн тухай” илтгэл тавьсан байна. Морин хуур бол Монгол улсын ерөнхийлөгчийн 2002 оны 183 дугаар зарлигаар "Үндэсний хөгжмийн зэмсэг” болж, 2008 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад орсон монголчуудын хосгүй өв билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.