images

Ромын Папад өдөртөө хэдэн мянган захидал ирж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-21


   Эдүгээ 88 настай Ромын Пап Францис архаг бронхит өвчний улмаас өнгөрөгч хоёрдугаар сарын 14-нд Ром хотын "Гимэлли" эмнэлэгт хэвтсэн билээ. Өнгөрсөн хугацааны ялангуяа дунд үед өвчний явц нэлээд хүндэрч, уушгины хатгаа болсноор амьсгал зогсох хүртэл хэмжээнд очсон юм. Гэвч аажмаар дээрдсээр өчигдрийн байдлаар түүний биеийн байдал тогтвортой байгаа төдийгүй ажил хэрэгтээ анхаарал хандуулах бололцоотой болж буй талаар Ватикан мэдээллээ. Папыг эмнэлэгт хэвтсэнээс хойш дэлхийн орон орны католик шашинтнуудаас биеийн байдалд нь санаа зовниж, эрүүл энхийг ерөөсөн захидал хэдэн мянгаараа ирж буй талаар Италийн Үндэсний шуудангийн алба өнөөдөр мэдээллээ. Ромын дагуул хот Фьюмичино дахь шуудан ангилан ялгах төвд энэ ачаалал илүүтэй мэдэгдэж байгаа ажээ. Энд дэлхийн өнцөг булан бүрээс зөвхөн Папад хаяглан ирүүлсэн захидал өдөртөө хэдэн мянга болж буй бөгөөд тэдгээрийг нэгтгэн жинлэвэл нэг өдөрт доод тал нь 330 паунд буюу 150 кг болж байгаа гэнэ. Захидлуудыг Фьюмичиногийн төвөөс Ром хот руу хуваарилан илгээсний дараа "Гимэлли" эмнэлэгт хүргэж байгаа аж. Ердийн үед Папад долоо хоногт дунджаар 100 гаруй захидал ирдэг байна. Мөн захидал бичихийн оронд Ватикан руу шууд утсаар залгаж Францисын биеийг асуух хүмүүсийн тоо асар ихээр нэмэгджээ. Утасны дуудлагад гэлэнмаа нар хариу өгч байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.