images

Испани: Жуулчдаас залхсан оршин суугчид чулуугаар зам хаав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-18


   Аялал жуулчлалаараа алдартай Испанийн үзэсгэлэнт Ибиза арлын оршин суугчид жуулчдын урсгалыг зогсоохын тулд чулуугаар зам хаажээ. Их Британийн “The Times” сонины мэдээлснээр тус арлын хэдэн мянган оршин суугч нутаг орон нь жуулчдын хөлд дарагдаж байгааг эсэргүүцэн Эс Ведра арал руу орох замыг чулуугаар хаасан байна. Эс Ведра бол Ибизагаас баруун зүгт орших жижиг арал бөгөөд сүүлийн үед тэндхийн өндөр цамхаг дээр гарч зураг авахуулах гэсэн жуулчид бөөгнөрөл үүсгэх болжээ. Энд алдартай DJ нарын зохион байгуулдаг хуримын ёслол, гэрэл зураг авалт, үдэшлэг зэрэг баяр цэнгүүн байнга болдог тул автомашинууд зогсоолдоо багтахгүй, сүүлдээ оршин суугчид амар тайван байх аргагүй болсон байна. Иймээс эрх баригчид нэмж зогсоол байгуулахаар хэлэлцэж байгаа аж. Испани зэрэг Европын орнуудад жуулчид хэт олноор цугларснаас болж орон сууцны хомсдол, замын түгжрэл, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг асуудал нүүрлэж, үүнээс үүдэн оршин суугчид эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлсээр байгаа юм. Италийн Венец хот өнгөрсөн жилээс эхлэн жуулчдаас хураамж авч эхэлсэн бол Их Британи улс мөн жуулчны татварыг нэвтрүүлэхээр хэлэлцэж байгаа ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.