Монгол, Чехийн цагдаагийн байгууллага гэмт хэрэг илрүүлэхэд хамтран ажиллана
Чихэнд чимэгтэй
2025-03-11
Монгол, Чех хоёр улсын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг зохицуулах хэлэлцээрийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дэмжлээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын танилцуулснаар, хэлэлцээр байгуулах санаачилгыг Чехийн талаас анх гаргажээ. Хэлэлцээр УИХ-ын чуулганаар батлагдвал хоёр улсын цагдаагийн байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, нөгөө талын хүсэлтийг үндэслэн гэмт этгээд, гэрч, хохирогчоос тайлбар, мэдүүлэг авах, албан хаагчдыг тодорхой даалгавар гүйцэтгүүлэхээр нөгөө талын нутаг дэвсгэрт томилон ажиллуулах, нууцад хамаарах баримт бичиг болон хүний хувийн мэдээлэл харилцан солилцох, сургалт, семинар, дадлага сургууль зохион байгуулах, мэргэжилтнүүдээ бэлтгэхэд хамтран ажиллах юм. Хэлэлцээрийн төслийн хавсралт дахь зарим заалтыг Чехийн тал нууцын зэрэглэлтэй ирүүлсэн байна. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн П.Сайнзориг удирдан явуулсан бөгөөд таван хэсэг, 29 зүйл, хавсралтаас бүрдэж буй “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, санал дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.