Монгол залуу Өмнөд Солонгосын шатрын дэд аваргаар шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2025-03-10
Өмнөд Солонгосын шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч хоёрдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болсон билээ. Тус тэмцээнд “Samsung” корпорацид олон улсын стратегийн ахлах менежэрээр ажилладаг монгол залуу Р.Эрдэнэтулга оролцож стандарт болон блиц төрөлд тус бүр дэд байр эзэлжээ. Тэрбээр стандарт төрлийн долоон өрөгт зургаа хожиж зургаан оноогоор хоёрдугаарт орсон бол тэргүүн байранд, түүнийг хожсон Хо Исаак 6.5 оноогоор оржээ. Тэмцээний стандарт төрөлд 39, блиц төрөлд 29 шатарчин өрсөлдсөн байна. Харин рапид төрөлд 58 тамирчин өрсөлдөхөд Р.Эрдэнэтулга таван оноогоор зургаадугаарт орсон юм. Ингэснээр тус улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж Дэлхийн цомын тэмцээн, олимпиадуудад оролцох боломжтой болсноо тэрбээр цахим хаягтаа хуваалцав. Р.Эрдэнэтулга АНУ-ын Браун болон Харвардын их сургуулийг эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэж бакалавр, магистрын зэрэг хамгаалсан бөгөөд “Morgan Stanley” банк, “Indigo Ag” биотехнологийн компанид ажиллаж байсан юм. Мөн Монголын "RVJ Capital" компанид ажиллаж байхдаа 2019 онд “Forbes” сэтгүүлээс шалгаруулсан санхүү, хөрөнгө оруулалтын салбарт ажилладаг 30-аас доош насны Азийн 30 шилдэг залуугийн нэгээр тодорч байв.
Гэрэл зургийг Tukarentsen Инстаграм хаягаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.